МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СЭТГЭГДЭЛ

Макс Камински: “Ялангуяа өөр орны сургуулийн зураг төслийг гаргах нь архитектурын хувьд маш их чадал сорьсон ажил юм. Зураг төслийн явцад бид (архитекторууд) "гол үндсэн санаа" -г янз бүрийн зураг дээр аль болох тод харагдуулахын тулд өөр өөр арга барилыг тууштай баримтлах хэрэгтэйг сурагчдад байнга сануулж байсан. Бие биенээсээ ялгарсан үр дүн нь баг бүрийн чадвар онцлогийг тодорхойлно! Сурагчдын барилгын загвар дээр ажиллаж байсан идэвх санаачлага, ур чадвар нь намайг маш ихээр гайхшруулсан. Хүүхдүүдтэй хамтран ажиллах нь надад ч бас маш их хөгжилтэй, сонирхолтой байсан! Би хувьдаа энэхүү сурагчид, архитекторуудын хамтарсан төслийг газар дээр нь бодитоор хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна!"

Max Kaminski


Фран Гонзалес: “Нельсон Манделагийн нэрэмжит сургуулийн сурагчидтай хамтран хэрэгжүүлсэн сургуулийн шинэ барилгын төслийн төлөвлөлт нь үнэхээр онцлог байсан. Энэхүү төслөөс өмнө би Монгол орныг эрчимтэй нарийн судалж үзэж байгаагүй бөгөөд өөрөө ч их зүйлийг мэдэж авсан. Миний хэдэн жилийн өмнө Африкийн боловсролын төслүүдэд зориулж хийж байсан барилгын концепц нь энд маш их тус болсон. Ковид цар тахлын хөл хорионы улмаас сургуулийн үйл ажиллагаа хаагдсан байснаас үл хамааран сурагчдын багуудын үүрэг хариуцлага, тэдний идэвхтэй, тууштай байдлыг хараад би маш их бахархсан. Бид сурагчдад баг тус бүрт нь ганцаарчилсан зөвлөгөө өгч, архитектурын санаагаа зураг болон модель загвар хэлбэрээр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж чадсан. Мэдээжийн хэрэг, монгол сурагчид, багш нар, цаашлаад Монголын архитекторуудтай төслийн явцад шууд зэрэг солилцоо хийж хамтран ажилласан бол маш сайн байх байсан хэдий ч, цар тахлын хатуу хөл хорионы улмаас энэ нь боломжгүй болсон юм. Үндсэндээ архитекторууд, багш, сурагчдын хамтын ажиллагааны энэхүү төсөл нь маш зөв санаа байсан бөгөөд Архитекторуудын Танхимын Тандем төслийн анхны ажил маань ийнхүү амжилттай үр дүнд хүрсэнд баяртай байна. ”

Fran Gonzalez


Флорентинэ Бауманн: “Хоёр архитектортай хамтарсан архитектурын төсөл нь хэдийгээр төслийн хэрэгжилтийн хугацаанд Коронагийн хямрал, хөл хориотой байсан ч амжилттай хэрэгжсэн. Берлиний Архитекторуудын Танхимаас санал болгосон багш, архитекторуудын тандемийн сургалтад Фран, Макс нартай миний бие хамтран ажиллаж, бие биетэйгээ илүү ойр танилцаж чадсан юм. Улмаар Нелсон Манделагийн нэрэмжит сургуультай хамтарсан төслийн анхны санаануудыг боловсруулж тусгасан юм. Энэхүү бодит барилгын төслийг суурь болгон ашиглах санаа нь анх 2019 оны 10-р сард Монголд мэргэжлийн солилцооны хөтөлбөрт хамрагдаж байхдаа Улаанбаатарын Тольт ЕБСургуулиар зочлоход төрсөн. Тус сургууль нь хотын захад сургуулийн шинэ хотхон барихаар төлөвлөсөн байсан ба үүн дээр нь түшиглэн тус архитектурын төслөөр дамжуулж урлаг, соёл, сурагч солилцооны санаа төрсөн юм. Энэхүү төслөөр зөвхөн соёлын солилцооны хүрээг өргөжүүлэхээс гадна, сурагчдыг мэргэжлээ сонгож эзэмшихэд бэлтгэх, тэдгээрт мэргэжлийн суурь мэдлэг олгох зорилготой юм. Сурагчдын даалгавраа хэрэгжүүлэх явцын бие даасан болон хувийн хариуцлагатай байдал нь миний бахархлыг маш ихээр төрүүлсэн."

Florentine Baumann

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮНШҮҮД БОЛОН ДЭМЖИГЧДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ:

mnMongolian